Өөрийнхөө талаар бичмээр санагдаад бичлээ нэрийг минь нууцалж өгөөрэй. Одоогоос долоон жилийн өмнө ханьтайгаа танилцаж нэг их хурдан нэг гэрт орчихож билээ. Эхний нэг, хоёр жил сайхан байсан нэг нэгнийгээ хайрлаад л, удалгүй нэг хөөрхөн хүүтэй ч боллоо. Хүүгээ гурван нас хүрэхээр нь цэцэрлэгт өгөөд эргээд ажилдаа эргээд орлоо. Бид гурав тэгээд орой л гэртээ уулзацгаана. Ер нь хүү маань төрсөн цагаас эхлээд л ямар нэг байдлаар хадам ээж аавын дарамт шахалт над дээр ирдэг болсон. Тэрнээсээ болоод нөхөртөө их уурлаж бухимдаж уцаарладаг боллоо. Нөхөр маань намайг өмөөрдөггүй ээж аавдаа юм хэлдэггүй, би тэрэнд нь их бухимднаа өөдгүй амьтан гээд л. Сүүлдээ бид хоёр хэрэлдэнэ, муу муухайгаар нэгнийгээ хараана, ингэс тэгэсгээд яваад л байлаа. Ингэж явсаар би гэж хүн сүүлдээ нөхрийгөө харахаар л муухай санагдаад дургүй хүрээд гэртээ ч ормооргүй санагдах үе зөндөө байсан. Ярьж хэлж байгаа зүйлд нь дургүй хүрнэ нэг ёсондоо залхсан байсан, нөхөр маань ч гэсэн надаас залхаж байгааг би өдрөөс өдөрт анзаарч байсан. Тэр маань шөнө гэртээ ирэхээ байсан аргагүй л дээ, гэртээ ирэхээр нэг арзайсан юм өөдөөс нь хэрүүл гуйгаад байхаар эр хүн хойно залхсан биздээ… Нэг өдөр яагаад ч юм ажлаасаа эрт гармаар санагдаад гэрлүүгээ харьж явахдаа нөхрийгөө өөр эмэгтэй хүнтэй инээлдээд тэврэлдээд байж байхыг харах үнэндээ надад аймар байсан, тэрхэн үедээ газар цөмрөөд л явчихсан. Манай хүн цэргийн ажилтай хүн л дээ. Бид гурав яг өөд өөдөөсөө нүүр тулгарсан, би юу гэж хэлэхээ мэдэхгүй хараад л байсан нөхөр маань ч надруу хараад л. Та нар намайг яасан гэж бодож байна? Уурлаад тэр хүүхнийг нь зодсон гэж бодож байна уу ккк. Үгүйдээ тэр цаг мөчөөс л би тэвчээр гэдэг зүйлийг сурсан. Нөхөртөө төрийнхөө сүлдтэй малгайгаа өгдөө гээд, явмаар байвал яв яв, явган яваарай бодвол уух л байлгүй алив машины түлхүүр бас өгчих гээд нээх тайвнаар цэргийн малгай, машиныхаа түлхүүрийг аваад чимээгүйхэн яваад өгсөн. Нөхөр маань тэр орой ирээгүй, харин би гэртээ хүүгээ унтуулчихаад шөнөжин уйлсан. Дотроо их олон зүйлийг бодсоон би, надад буруу байна уу нөхөрт маань буруу байна уу гээд л.
Хамгийн гол нь би бууж өгөөгүй, яах гэж би тэр хүүхэнд хамаг зүйлээ зүгээр өгөөд явна гэж би л тэвчих тэмцэх ёстой гэж бодсон. Нөхөр маань удаагүй гэртээ ирсэн харин би дахиж тэр талаар нь юу ч яриагүй. Бас хадам аав ээжийнхээ талаар ч гомдлож ярихгүй гэж нөхөртөө амласан. Юу ч болоогүй юм шиг тэвчээр гаргаж байгаа маань нөхөрт минь аймар хэцүү байсан гэсэн. Гомдлоо ч гэхгүй, уурласан ч юмгүй чимээгүй байгаад минь санаа нь их зовсон гэсэн. Удалгүй нөхөр маань нэг тийшээ нэг жил үүрэг гүйцэтгэхээр явсан, тэр нь ч оносон гэж боддог. Бид хоёрт тусдаа байх багахан цаг хугацаа хэрэгтэй байсан юм билээ. Би гэж хүн ажлаа хийгээд хүүхдээ хараад л гэрт орж эм гадаа гарч эр болсоор, нөхрийгөө утсаар залгахад нь огт авдаггүй байлаа. Авсан ч хүү бид хоёр сайн, чи сайн биздээ гээд л олигтой юм ярилгүй тасалчихдаг байсансан. Нэг л мэдэхэд нэг жил дуусч нөхөр маань гэртээ ирсэн. Бид хоёр уулзаагүй удсан болоод тэр үү нэг нэгнээсээ зай бариад бишүүрхээд л, тэгсэн мөртлөө харцаараа нэгнийгээ хайрлаад л. Харин хүү минь бөөн баяр ааваа ааваа гээд л салж өгөхгүй тэврээстэй. Надад тэр хоёрыгоо харах сайхан байсан, орой нь хүүгээ унтуулчихаад хань минь надаас уучлалт гуйсан. Би их муухай зүйл хийсэн, чамайгаа ийм мундаг тэвчээр гаргана гэж санаагүй төрийнхөө сүлдтэй малгайгаа өгдөө гэхэд чинь би өөрөөсөө их ичсээн тэр орой найзындаа очиж хоноод дахиж тэр хүүхэнтэй уулзаагүй ээ.
Дараа нь гэртээ ирээд чамайг тэр бүхний талаар юу ч ярихгүй байхад би их гайхсан санаа маш их зовсон. Гэрийнхээ гадаа гараад уйлаад өөртөө ямар муухай дургүй хүрж байсан гээч гээд л намайг зөндөө уйлуулсан. Би ч гэсэн нөхрөөсөө уучлалт гуйсан, муухай ааш араншин гаргаж байсанд минь гэртээ хэрүүл гуйж ээж аавыг нь муухайгаар дуудаж байсанд гээд л. Бид хоёр нэг нэгнийгээ уучилсан, одоо сайхан амьдарч байгаа. Мөнгө төгрөгөөр баян тансаг биш ч гэсэн нэг нэгнийгээ гэсэн сэтгэлд нь бялхаад жаргалтай амьдарч байгаа. Нөхөр маань надад нэг удаа ингэж хэлж байсан, “Эр хүний тэр тусмаа миний хамгийн тайван байдаг газар бол гэр минь гэж”. Бид бүгд л алддаг, алддаггүй хүн гэж байхгүй ээ гол нь нэгнийгээ ойлгож уучилж сурах хэрэгтэй юм байналээ. Тэр тусмаа ээжүүд, эмэгтэйчүүд бид л ухаан гаргаж амьдралаа аварч үлдэх хэрэгтэй юм билээ.